Улаанбаатар хотын орон зайн хувьсал өөрчлөлт

Хэвлэлийн нэр: ШУТИС, Магистр, докторантын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл - 2017

Зохиогч:  С.Амгалан

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2017-05-10

Хуудас дугаар: 85-90

Өгүүллийн хураангуй:

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь хүн ам ихээр суурьшсан, хүн амын нягтрал ихтэй, барилгажилт өндөртэй хот болжээ. Улаанбаатар хот нь одоогийн байрлаж байгаа Алтан тэвшийн хөндийд суурьшаад 200 гаруй жил болж байна. Тус судалгааны хүрээнд энэ түүхэн хугацааны хотын нутаг дэвсгэрийн тэлэлт,  барилгын хөгжил, өөрчлөлт, хүн амын шилжилт, өсөлт болон эдгээрийн шалтгааныг судласан болно. Энэ төрлийн судалгааг хотын морфологийн аргаар судлах бөгөөд онолын арга зүй, ижил төстэй судалгааны ажилтай танилцан өөрийн судалгааны ажилдаа ашиглалаа. Судалгааны онолын хэсэг болох тандалт, хэмжилтын судалгаагаа ном хэвлэл цуглуулан тэдгээрийн хураангуйг хөтөлж, он цагийн хуанли эмхэтгэсэн болно. Он цагийн хуанлигаа хүн амын тоогоор болон онцлог үйл явдлаар гэсэн хоёр графикаар харуулав. Онцлог барилга байгууламжийн судалгаа хийж, баригдсан он, зориулалт, байршил зэрэг чухал мэдээллийг цуглуулав. Мөн ном хэвлэл, түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн Улаанбаатар хотын дэвсгэр зураг бүрийг хайн олж шинжин, устаж үгүй болсон барилгын байрлал, газрын талбайн хэмжээ зэрэг мэдээлэл боловсруулав. Эдгээр олж цуглуулсан мэдээллээс үндэслэн хотын морфологийн зургийг AutoCAD программ дээр зурагжууллаа. 1700 оноос 2015 хүртлэх оныг арав арван жилээр багцлан 11 хэсэг хуваан, он тус бүрд нийт газрын талбай, барилгын талбай, хүн амын тоог харгалзуулан хамаарлыг шалгав. Үүний дүнд барилгын талбай, эдэлбэр газрын талбайн хамаарал шууд өндөр хамааралтай, мөн барилгын талбай, хүн амын тоон хамаарал хүчтэй хамааралтай байна. Хүн ам болон газрын талбай өсөн тэлэх хэрээр барилга нэмэгдэн хотын нутаг дэвсгэр тэлсээр байна.

 

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #хүн ам #хотын морфологи #хүрээ #нийслэл #барилга

Өгүүлэл нэмсэн: С.Амгалан

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019