Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг илэрхийлсэн логогоор багш Ц.Энхбатын бүтээл шалгарав

Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг илэрхийлсэн логогоор багш Ц.Энхбатын бүтээл шалгарав

Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамнаас ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын арга хэмжээний лого загварыг зохиох уралдаан зарласан. Монголын нийт бүтээлч залуусыг нээлттэй оролцуулсан эл уралдаан өнөөдөр ялагчаа тодруулж шагналыг нь гардуулав.

Уралдаанд олон залуус идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлснээс ШУТИС-ийн дизайны багш Б.Энхбат тэргүүн байрт, Мэдээлэл технологийн инженер Б.Мөнхзоригийн бүтээл хоёрдугаар байрт шалгарч ХБНГУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманнаас шагналаа гардаж авлаа. Бүтээлд тавьсан ерөнхий шаардлага нь хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг илтгэсэн, 40 жилийн ойг тодотгон тусгасан, дизайн болон өнгө, дүрслэлийн онцлог шийдэлтэй байх юм. Эдгээрийг бүрэн хангасан гэж үнэлэгдэн, басхүү Берлин дахь Монголын Элчин сайдын яамныхнаас өндөр үнэлэлт авсан Б.Энхбатын бүтээл тэргүүн байрт шалгарснаар дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг илэрхийлэх үндсэн лого болж байна. Дизайнер Б.Энхбат энэ үеэр “Хоёр орны далбааны өнгүүд нь хоорондоо хоршсон учир хүйтэн дулаан өнгөөр нь сүлэлдүүлж, чандмань хэлбэрийг бэлгэдэж зохиомжилсон” гэж логогоо тайлбарлаж байлаа. Харин хоёрдугаар байрт орсон логонд хоёр орны далбааг гар барьж буй хэлбэрээр зохиомжилсон байв. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Элчин сайд Герхард, Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Э.Булган нарын албаны хүмүүс байлцлаа.

ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманнаас энэ үеэр  дараах зүйлийг тодруулсан юм.
-Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ямар ямар айлчлал болон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Түүхт ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайд ХБНГУ-д айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Германд саяхан сонгууль болж, Засгийн газар хараахан бүрдэж чадаагүй байгаа учир Монгол Улсад ямар сайд айлчлах нь тодорхой болоогүй байна. Гэхдээ ойн баярын хүрээнд Германаас өндөр хэмжээний айлчлал Монголд хийнэ гэж төлөвлөж байгаа.

-Иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, виз олгох нөхцлийг хөнгөвчлөх талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Хоёр орны иргэдийн харилцан зорчих эрэлт хэрэгцээ өргөжин нэмэгдэж байгаатай зэрэгцэн айлчлах, зочлох нөхцөл ч харьцангуй амар хялбар болж байгаа. Бизнесийн, ажил хэргийн, сурч боловсрох, аялж жуулчлах гээд олон зорилгоор харилцан зорчиж байна. Мөн хоёр орны иргэд гэр бүл болох нь нэмэгдэж байгаа. Берлин-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа нь Баруун Европыг холбосон ганц “гүүр” болж байгаа гэж болно. Энэ бүгд нь иргэд хоорондын харилцаа өндөр түвшинд хүрч байгаагийн илрэл.
Саяхан хоёр орны дипломат паспорттой иргэд визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Нөгөөтэйгүүр манай Элчин сайдын яам удалгүй 10 мянга дахь монгол иргэнд виз олгох гэж байна.

-Германы боловсролын чанарыг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Монгол оюутнуудад Германд сурч боловсрох ямар боломжийг Засгийн газар болон Элчин сайдын яамны түвшинд олгож байна вэ?
-Манай Элчин сайдын яамнаас ойрын үед Германы их, дээд сургуульд суралцах болон докторын зэрэг хамгаалах тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг явуулна. Монголд Германы боловсролыг таниулах, зуучлах төлөөлөгчийн газар ажилладаг. Тэнд ажиллаж буй багш нар тэтгэлэгт хөтөлбөр, сонгон шалгаруулалтад оролцох зэрэг заавар зөвлөгөө өгч байгаа. Энэ хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ.

http://www.montsame.gov.mn/index.php/mongol/mongolorond1/artculture/item/15798-2013-11-26-08-18-48


Мэдээ нэмсэн: Б.ЭНХБАТ Уншсан:337

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020