ШУТИС-ийн эмч бүсгүй эх орноо тойрон аялсан Монголын 4 дэхь аялагч боллоо
2012-10-09 ШУТИС-ийн МИС-ийн эмч, аялалын спортын мастер Ч.Ундрал өөрийн багийн 3 гишүүний хамт  Монгол эх орныхоо 4 захын цэгүүд болох Монгол шарын даваа, Орвог гашууны бор толгой, Тарган дахын овоо, Мааньт ууланд очиж үзэх, мөн хилчдийн амьдрал ахуйтай танилцан, аялалын спортын түүхэн замнал, ач холбогдолыг таниулах зорилготойгоор 71 хоног аялаад иржээ. Багийн гишүүд бүгд аялалын болон хөнгөн атлетикийн спортын мастер, Улсын шүүгч, гарамгай аялагч бүсгүйчүүд байсан бөгөөд нийтдээ 10700 км замыг туулахдаа  эх орныхоо 14 аймгийн нутгаар дайрч, хилийн дагуухь бүх л отряд, заставуудаар орж, торгон хилээ манаж байгаа хилчин дайчид, тэдний гэр бүлийнхэнтэй уулзан,  явсан газрынхаа сонин сайхныг зургаар болон видео бичлэгээр үзүүлэн таниулж, уулзалт ярилцлага хийж  явсан байна.2012 оны 7 сарын 1-нд Улаанбаатар хотын төв талбайгаас аялалын гараагаа эхлүүлэн 2012 оны 9 сарын 10-нд Улаанбаатарт ирсэн ENUD-4 нэртэй энэ багийг  Бодь групп, “Бодь даатгал”, Мобиком, “Хөх монгол” принтинг, ШУТИС-ийн Багш нарын зөвлөл, “Талх чихэр” ХХК, “Монос” ХХК, “Мах импекс “ ХХК,  “АПУ” ХХК, Сүхбаатар аймгийн спорт хороо, Багануур дүүргийн иргэдийн хурлын тэнхим зэрэг байгууллага, пүүс компаниуд ивээн тэтгэж, Монголын газар зүй  аялал жуулчлалын холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНРТелевиз зэрэг байгууллагууд хамтран ажилжээ.

Тэдний аялалын нэгэн онцлог бол бүсгүйчүүд онгоц, галт тэрэг, машин, мотоцикл , морь, тэмээ, үхэр тэрэг зэрэг бүх л төрлийн тээврийн хэрэгсэлийг ашиглаж, тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй газруудад явганаар аялалаа үргэлжлүүлж байсан юм.

Монгол улсын түүхэнд эх орныхоо хилийг бүтэн тойрсон 3 тохиолдол өмнө нь байсан бол өнөөдөр  ENUD-4 баг 4 дэхь нь болж, монгол бүсгүйчүүд хэнээс ч дутахгүй зориг тэвчээр, тэсвэр хатуужилтай байж чаддагийг харууллаа.Энэхүү  аялалаараа олон олон залуусийн  бахархан дууриах  хүсэл мөрөөдлийг  оргилуулсан ENUD – 4 багийн ахлагч Аялалын спортын мастер, Монгол улсын гарамгай аялагч, улсын шүүгч, ШУТИС-ийн МИС-ийн эмч бүсгүй Ч.Ундралдаа ажлын болон спортын өндөр амжилт хүсэн ерөөе.


Мэдээ нэмсэн: Б.Туяа Уншсан:343

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020