Хорол-Эрдэнэ

ШУТИС-ийн ДаТС-иас Дархан-Уул аймгийн их, дээд, мэргэжлийн сургуулиудын дунд Монголын Зохиолчдын Эвлэлийн Дархан салбартай хамтран явуулдаг “Хорол-Эрдэнэ 2013” яруу найргийн наадам 4 сарын 5-нд явагдаж, ДаТС, Политехник коллеж, ЭМШУС-ийн Дархан салбар, Мандах бүртгэл, ХААИС зэрэг 5 сургуулийн 20 оюутан оролцон эгшиглэнт эх яруу найргийн янжинлхам бурхны сонорыг мялаан уран үг, утга мэдрэмжээ уралдуулснаас:

I байр С.Батцэцэг /ДаТС-ийн БМТИ-2/
II байр Х.Бумцэнд /ДаТС-ийн ҮМ-1/
III байр Ш. Батчимэг /Мандах бүртгэл дээд сургууль ННБ-3/
Тусгай байр Н.Доржпалам /ДаТС-ийн ДЦС-3/ нар тус, тус эзлэв.

ШУТИС-ийн ДаТС. БМТИ-2 анги. С.Батцэцэг

Бурхнаас заяасан сарнай

Бүсгүй хүний хайраар ханиа хайрлаж дассан
Бүтэн нойртой хонолгүй үрээ л гэж асарсан
Бусдын төлөө өөрийнхөө амь шиг зүтгэсэн
Бүсгүй та бурхнаас заяасан сарнай

Ариун дагшин хорвоод амьдран жаргаж ирсэн
Ачлал буян хоёроо үрийнхээ төлөө хураасан
Алдар зэмлэх хоёрыг адилхан хүртэж яваа
Ангир ижий та амьдралын ганц сарнай

Хорол тоонотой гэрийнхээ баяр гунигийг хослуулж
Хонх нь дуугарсан үрийнхээ зулайг нь үнэрлэж тайтгарсан
Хайр хайрын дээдээр хотолоо жаргааж ирсэн
Хонгор ижий та хойморын ганц сарнай

Сар жилийн уртад цөхөрч ердөө халшраагүй
Сааль нь ханхалсан гэрийн удамт Монгол бүсгүй
Саатан айлчлах зочдын бишрэлт нандин шүтээн
Саруул онгон талын салхинд гандашгүй сарнай

Ижий минь та
Бодол сэтгэл хоёртоо үрээ л гэж өтөлсөн
Будант цэнхэр хөндийдөө үрээ л гэж хүлээдэг
Бурхнаас заяасан ариун илч юм та
Буурал хорвоогийн алтан сарнай юм та

С.Бумцэнд / ШУТИС-ийн ДаТС-ийн ҮМ-1/

Бодрол

Хааяа би нарыг тэвэрч наргиж үзмээр
Нандин эрхэмсэг саран дээр дарс балгамаар
Салхины үзүүрээс хэн нэгнийг дүүжилчхээд
Саваагүйтэн хөхөрч бахаа хангамаар
Нүгэл ч үгүй, уйтгар ч үгүй, зовлон ч үгүй
Нүцгэн ирж нүцгэн буцмаар
Худал хийгээд атаархлыг халхлах
Хувцасгүй хүнд хүндлэл үзүүлмээр
Солонго барин бугуйл гүйлгэж
Содон оддыг газарт буулгаад
Суудаг ширээндээ чимэг болгож
Судар номонд шигтгээ хиймээр
Уулсыг өргөж үүлсэн дээр тавьчихаад
Улаан ёслолын хивс дэвсээд
Агаар мандлын цэнхэр талаар
Айл гэр болон тоглоод
Бороо цас, салхи шуургыг
Богцонд хийж чулуудаж хаячихаад
Сансарын гүнд шумбан алдаад
Сарны туулайг нойрноос нь сэрээнэ
Гэтэл үнэндээ өчүүхэн юмаа би
Гэрлийн долгис шиг гялбаад л өнгөрнө
Нар мандан шингэх зуурын төдий
Насаа элээх хөх өвс юм
Нүгэлч үгүй, уйтгар ч үгүй, зовлон ч үгүй
Нүцгэн ирж нүцгэн буцмаар...


Мэдээ нэмсэн: М.Ундрал Уншсан:478

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019