МЕТАЛ ГАДАРГУУД ӨНДӨР ХУРДНЫ ШИРЭЭЛТЭЭР БҮРХҮҮЛ ТАВИХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Зохиогч:  Ц.Баярсайхан

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Манай улсад ган боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүй, машин механизм, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэдэггүй учраас өөрийн орны зах зээлийн хэрэгцээг зөвхөн импортоор хангаж байгаа гэж дүгнэж болно. Уул уурхай, барилга замын салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед өндөр үнтэй төрөл бүрийн машин механизм, тоног төхөөрөмжийг өргөн ашиглах болсноор манай улсын импортийн үлэмж хэсгийг тоног төхөөрөмж, машин механизмын  сэлбэг, хэрэгсэл эзлэх болжээ. Эдгээр сэлбэгийн үлэмж хувийг үнэ, тээвэрлэлтийн зардал өндөртэй, овор, хэмжээ том, түргэн элэгддэг эд ангиуд эзэлдэг. Энэ нь гадаад руу чиглэсэн мөнгөний урсгалын дийлэнх хувийг сэлбэгт зарцуулж байна гэсэн үг юм. Эндээс харахад элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, өөрийн орны онцлогт тохирсон сэлбэгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага урган гарч байгаа ба энэ асуудал удаашралтай, нилээд хоцронгуй байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой.

Метал хуудсыг холбоход 250 см/мин хүртэл өндөр хурдтай тусгаарлах хийн орчны ширээлтийг (ТХОШ) ашиглах боломжтойг тогтоосон байдаг ба одоогоор автомашины үйлдвэрлэлд тусгаарлах хийн орчны ширээлтэд өндөр хурдыг өргөн ашиглаж байна [102]. Бүрхүүл тавих процесст өндөр хурдтай тусгаарлах хийн орчны ширээлтийг ашигласан практик байхгүй байгаа нь дараах шалтгаантай юм. Үүнд:

ü  Үйлдвэрлэл өндөр хөгжсөн улсуудад бүрхүүл тавихад өндөр бүтээмжтэй лазер ба электрон багцийн ширээлтийг өргөн ашигладаг

ü  Жац доорхи ширээлтэд 100 мм хүртэл өргөн туузан электродыг ашигласнаар ТХОШ-ээс 8 дахин бүтээмжтэй метал гадаргууд бүрхүүл тавьж байна

ü  Плазмын нуман ширээлтэд метал нунтаг оруулах үйлдлийг бүтэн автомат удирдлагын горимд шилжүүлснээр өндөр бүтээмжтэйгээр металын гадаргууд бүрхүүл тавьж байна   

ü  Нано технологийн түвшинд металын гадаргууд элэгдэлд тэсвэртэй нимгэн бүрхүүл тавих болов.

Дээр дурьсан бүрхүүл тавих ширээлтийн технологиуд нь өндөр үнэтэй учраас олон тоо, төрөлтэй эд анги үйлдвэрлэхэд зохимжтой байдаг. 

Манай орны хувьд элэгдсэн эд анги сэргээн засварлахад тусгаарлах хийн орчны ширээлтийг өргөн ашигладаг ба эдийн засгийн хувьд хамгийн хямд зардлаар бүрхүүл тавих арга зам билээ. Эд анги сэргээн засварлахад тусгаарлах хийн орчны ширээлтийн хурдыг хязгааргүй нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд одоогоор бүрхүүл тавихад ширээлтийн хурд 45 см/мин-аар хязгаарлагдаж байна. Тусгаарлах хийн орчны ширээлтийн хурдыг нэмэгдүүлэхэд бүрхүүлийн геометр хэлбэр өөрчлөгдөж түүний чанар буурах дутагдалтай тал ажиглагддаг.

Үүнээс үндэслэн элэгдсэн эд ангийг сэргээн засварлах, элэгдэлд тэсвэртэй бүрхүүл тавих үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор метал гадаргууд өндөр хурдны ширээлтээр бүрхүүл тавих боломжийг судлаж туршилт явуулах зорилго тавьсан юм.   

Энэхүү туршилт судалгааны ажлын хүрээнд экскаватор, бульдозер гэх мэт уул уурхай, барилга, замын гинжит машины түргэн элэгддэг бул хэлбэрийн эд ангийг сэргээн засварлах чиглэлийг сонгож ОХУ-ын Иркутск хот дахь шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Плазмапротек” фирмийн ширээлтийн лаборатори, ШУА-ийн ФТХ-ийн плазмын туршилт судалгааны лаборатори, ШУТИС-ийн МИС-ийн Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв, МИС-ийн элэгдсэн эд анги сэргээн засварлах лабораторид туршилт явуулж үр дүнг боловсруулсан болно.

Хэвлүүлсэн газар:

Хэвлүүлсэн огноо: 2013/06/12

Хуудасний тоо: 96

Түлхүүр үг: #метал бүрхүүл #метал шингээлт #гадаргуугын таталцлын хүч #ширээлтийн параметр


Бүтээл нэмсэн:Ц.Баярсайхан

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019