ШУТИС нь Монгол улсад инженер, технологич бэлтгэдэг тэргүүлэх их сургуулийн хувьд өөрийн орны хөгжлийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах зорилтыг шийдвэрлэхэд гол хүчин зүйл болохуйц олон улсын түвшинд хүрсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж, “сургалт-судалгаа-үйлдвэрлэл” дагнасан энтрепренёр их сургуулийн хэв шинжийг бүрдүүлэн, рационал байдлаар бизнес инновацийг туршин нэвтрүүлэх зорилго тавин эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа гүйцэтгэж байна.

Уул уурхай, органик болон эрдэс баялагийн салбар нь Монгол улсын Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн дотор гол байр суурийг эзлэж байгаа өнөө үед МТС-ийн “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа нь тус салбарт судалгаа шинжилгээний ажил эрхэлж байгаа эрдэмтэн судлаачдын хувьд өөрсдийн ажлыг бусдад таниулах, олон жилийн судалгааны ажлын үр дүнг шүүн хэлэлцэх, судалгааны ажлын дагуу хамтран ажиллах, түншлэл бий болгох улмаар мэдлэгийг инновацжуулах асуудалд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. 

Мөн МТС-ийн эрдэмтэн багш, судлаачид маань ШУТИС-ийн болон улсын хэмжээний, олон улсынн хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад идэвхитэй оролцож амжилт үзүүлж судалгааны ажлын грант болон бусад шагналуудыг авч байгаа нь МТС-ийн профессор багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын чансааг илэрхийлж байгаа гэж хэлж болох юм.

 

Бид гадаадын болон дотоодын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажилуудыг гүйцэтгэж байна. ШУТИС-ийн  профессор, багш нар жилд дунджаар 200 гаруй төсөл, аж ахуйн гэрээт ажил гүйцэтгэж байна.

ШУТИС нь өөрийн бүтэц дэхь профессорын баг, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдээ түшиглэн сэргээгдэх эх үүсвэр бүхий эрчим хүчний технологи, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи, усны нөөцийг хамгаалах, ашиглах технологи, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, боловсруулалтын технологи, нүүрс, нефть боловсруулах технологи, нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, микропроцессор, программ хангамж, цахим үйлчилгээний технологи, барилгын материал үйлдвэрлэлийн технологи гэх мэт Монгол улсын Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн дагуу эрдэм шинжилгээний ажлуудыг гадаад, дотоодын бүх шатны түншлэлийн хүрээнд гүйцэтгэж байна.

ШУТИС-ийн Технологийн сангаас эрдэмтэн, судлаач, профессор багш нарынхаа эрдэм шинжилгээ судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн болон эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, оюуны өмчид тулгуурласан старт-ап компаниудыг санхүүжүүлэн дэмжиж ажиллаж байна.

ШУТИС-ийн оюутан, магистрант, докторант, багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг олон нийтэд таниулах, хэлэлцүүлэх зорилготой олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, семинаруудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд нийт зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурлын 15 хувь  нь олон улсын хэмжээний, 22,3 хувь нь улсын хэмжээний хурал, 42,7 хувь нь  оюутан, магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал,  бүтээлийн үзэсглэн 20 хувийг эзэлж байна.

Одоогийн байдлаар ШУТИС-д 107 профессорын баг, 5 эрдэм шинжилгээний хүрээлэн, 54 эрдэм шинжилгээ судалгааны төв ажиллаж байна.     

 


Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019